Open iToim app
Сурвалжилга: “Монгол амт” дэлхийн зах зээлд нэвтрэх боломжийг Primeat бий болгож байна
Бүтээгч | 7 мин уншина

Сурвалжилга: “Монгол амт” дэлхийн зах зээлд нэвтрэх боломжийг Primeat бий болгож байна

Нийтэлсэн 2026 оны 2 сарын 12
Монголчуудыг махгүйгээр төсөөлөх аргагүй гэх яриа өвгөдийн үеэс өнөөдрийг хүртэл бидний дунд оршсоор ирсэн билээ. Энэ нь ч ор үндэсгүй тодорхойлолт биш. Өнөөдөр хүнс гэдэг дан ганц цадах хэрэгцээ бус, эрүүл мэнд, амьдралын хэв маяг, аюулгүй байдлыг тодорхойлох чухал хүчин зүйл болжээ. Жилийн дөрвөн улиралдаа тохируулан махаа бэлтгэж, шим тэжээлийн гол эх үүсвэрээ малын махнаасаа авдаг монголчуудын хувьд идэж буй махны чанар, гарал үүсэлд онцгой анхаарах шаардлага улам бүр нэмэгдэж буй.
Энэ хэрэгцээг дотоодын зах зээлд хангаж буй компанийн нэг бол М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро ХХК. Тус компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын Чандганы талд дэлхийн жишигт хүрсэн үхэр бордох аж ахуй, тэжээлийн үйлдвэрлэл, мал төхөөрөх үйлдвэр, ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн цогцолборыг байгуулж, бүтээгдэхүүнээ Primeat брэнд нэрээр зах зээлд нийлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна.
Уламжлалт мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулж, дэлхийд өрсөлдөх “Монгол амт”-ыг бүтээх зорилготой Primeat брэнд Culinary Artists’ Event арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь мэргэжлийн тогооч нарт туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, монгол махыг дараагийн түвшинд гаргах боломж бүрдүүлэх зорилготой аж.
Арга хэмжээний үеэр Primeat брэндийн зүгээс өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд, зах зээлд үзүүлж буй нөлөө, цаашдын зорилгын талаар танилцуулсан бол салбарын мэргэжилтнүүд бүтээгдэхүүний чанар, стандарт, олон улсын боломжийн талаар байр сууриа илэрхийллээ.
Primeat брэндийн хувьд өнгөрсөн оны онцлох ажил нь Primeat.mn цахим дэлгүүрээ нээсэн явдал байжээ. Ингэснээр хэрэглэгчид Улаанбаатар хотын аль ч цэгээс Primeat-ын бүтээгдэхүүнийг захиалан авах боломж бүрдсэн байна. Мөн тус брэнд хэрэглэгчдэд хоол хүнсний соёлыг түгээх, боловсрол олгох зорилгоор Primeat Edu Series цувралыг эхлүүлсэн байна.
undefined
Мэтагро ХХК-ийн маркетингийн менежер Н.Түвшинбаяр: Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Европт баталгаажсан Узбекистаны Халал сертификатыг авсан. Энэ нь зөвхөн дотоодын бус, олон улсын түвшний баталгаажуулалт юм. Хоёр жилийн ойгоороо бид Кантар олон улсын судалгааны компанид хандан брэндийн түвшний судалгаа хийлгэсэн. 14–16 брэнд оролцсон уг судалгаагаар “Хамгийн сүүлд хэрэглэсэн үхрийн махны брэнд?” гэсэн асуултад Primeat 31 хувиар тэргүүлсэн. Мөн хүмүүсийн ой тогтоолтод ондоошлоороо, брэндийн үнэ цэнээрээ хамгийн хүчтэй байгаа брэндүүдийг гаргахад Primeat илт давуу буюу хамгийн аюулгүй, тогтвортой бүсэд байгааг судалгаа харуулсан. Үүнээс монголчуудад эрүүл, баталгаатай, үндэсний бүтээгдэхүүн ямар чухал байгаа нь харагдаж байна. Түүнчлэн бид хэрэглэгчдийн хоолны менюг баяжуулах олон төрлийн контентуудыг хөгжүүлж ажиллаж байна.
Монголын гастроном, аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Ө.Мөнхсайхан үйлдвэрлэгч ба тогоочийн хамтын ажиллагаа, бэлчээрийн мал аж ахуйн онцлогийг технологитой хослуулж буй шинэ хандлагын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.
undefined
Монголын гастроном, аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Ө.Мөнхсайхан: Primeat гурав дахь удаагаа энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Анхны арга хэмжээнээс хойш тэдний зах зээлд үзүүлж байгаа жин нөлөө маш хурдтай нэмэгдсэн. Ялангуяа бүтээгдэхүүний чанараараа тогооч нарт бодит дэмжлэг болж байгаа нь сайшаалтай байна. Үйлдвэрлэгч ба хэрэглэгчийн дунд тогооч нар байдаг. Өөрөөр хэлбэл чанартай мах бидний эцсийн бүтээгдэхүүний амт, үр дүнд шууд нөлөөлдөг гэсэн үг.
Миний хувьд монгол амтыг бэлчээрийн мал аж ахуйн онцлогоос бий болдог гэж боддог. Монгол үхрийн махыг технологижуулж, дараагийн шатанд гаргаж байгаа нь дэлхийн зах зээлд өрсөлдөх суурь болж байна. Өмнө нь монгол махыг хагас түүхий байдлаар хэрэглэхэд тохиромжгүй гэж ярьдаг байсан. Харин Primeat-ын бүтээгдэхүүн уг асуудлыг шийдэж, хүртээмжийг нэмэгдүүлж байна. Үүний зэрэгцээ технологийн хөгжлөө тасралтгүй сайжруулж, фермийн аж ахуйг системтэйгээр эрхлэн, малын тэжээлийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэж байгаа нь Монголд өмнө нь төдийлөн хэрэгжиж байгаагүй шинэ жишиг. Өөрөөр хэлбэл, онолын түвшинд яригддаг байсан шийдлүүдийг бодит үйлдвэрлэл дээр бүрэн хэрэгжүүлж чадсан гэсэн үг. Primeat мах цаашдаа зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй, олон улсын тавцанд монгол малын махны амтыг ил тод илтгэсэн, анхдагч түүчээлэгч компани болох бүрэн боломжтой гэж харж байна.
Тогооч нарын төлөөлөл болж Primeat брэндийн шеф Э.Энхбаяр, Монгол Улсын мастер тогооч Р.Батбаатар нар үндэсний махны чанар, олон улсын тэмцээн дэх туршлага, дэлхийн тавцанд монгол амтыг таниулах боломжийн талаар ярилаа. Тэдний хувьд стандарттай, баталгаатай түүхий эд нь тогооч нарын эцсийн бүтээлийн амт, үнэ цэнийг тодорхойлдог хамгийн чухал хүчин зүйл гэдгийг онцолж байв.
undefined
Primeat брэндийн шеф Э.Энхбаяр: Өнөөдрийн арга хэмжээний гол агуулга нь монгол брэндийн сайн махыг тогооч нар хэрхэн боловсруулж, хэрэглэгчдэд хүргэх вэ гэдэгт чиглэж байна. Миний хувьд уг брэндийн брэнд тогооч гэж явдаг. Primeat-ын махыг хэрэглээд хоёр жил болж байна. Монгол мал таана, хөмүүл зэрэг олон төрлийн ургамлаар хооллодог учраас амт нь өвөрмөц байдаг. Мөн стандартын дагуу малаа тэжээж, махаа боловсруулдаг тул Primeat-ын мах жигд зөөлөн байдаг. Азтай үедээ зөөлөн, азгүй үедээ хатуу мах авна гэсэн асуудал байхгүй. Энэ зун жуулчид олноороо ирэх төлөвтэй байна шүү дээ. Тиймээс үндэсний брэндийн махаараа жуулчдыг дайлж, таниулаасай гэж хүсэж байна.
undefined
Монгол Улсын мастер тогооч Р.Батбаатар: Primeat дэлхийд танигдах үндэсний бүтээгдэхүүн гаргаж байгаад баяртай байна. Ийм арга хэмжээгээр тогооч нар нэгдэж, санал бодлоо солилцож байгаа нь цаашдаа нэгдсэн нэгдмэл ойлголттой болоход их чухал. Миний хувьд олон улсын тэмцээнд оролцож, монголын анхны алтан медалийг авчирч байсан. Одоо олон улсын шүүгчээр ажиллаж байна. 2015 онд Баруун Европт тэмцээнд оролцоход монгол махны гарал үүсэл, стандарт тодорхой бус байсан учраас тухайн үед их эмзэглэж байсан. Дотроо бол бэлчээрийн, органик, амттай мах гэж мэдэж байгаа ч дэлхий тэрийг нь ойлгоогүй байсан. Харин одоо энэ байдлыг өөрчлөх боломжийг Primeat бий болгож байна.
Залуу тогооч нар азтай байна. Зах зээл хөгжиж, үндэсний бүтээгдэхүүнүүд дэлхийд сурталчлагдаж байна. Монгол хоол, соёлыг тогооч нар нуруундаа үүрч явдаг. Тиймээс залуучууд маань монгол ахуй, соёл, үндэсний бүтээгдэхүүний үнэ цэнийг сайн ойлгох хэрэгтэй. Одоо бол монгол мах дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн. Энэ бол бидний хувьд бахархах зүйл.
Primeat брэндтэй хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөллүүд мах, дарс, шар айргийн амтны зохицол, чанарын стандартын уялдаа, урт хугацааны түншлэлийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлэв. Тэдний хувьд Монголд чанарыг эрхэмлэсэн, олон улсын түвшинд өрсөлдөх бүтээгдэхүүн бий болж буй нь салбарын хөгжлийн шинэ үе шат гэж харж байна.
undefined
“Central Commerce” компанийн мастер трейнер М.Мөнхжин: Чанарын стандартаараа манлайлж ажилладаг Primeat компанитай Чингис шар айраг хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Primeat инновацыг салбартаа нэвтрүүлж, монголд шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргаж байгааг бид өндрөөр үнэлдэг. Манай Чингис шар айраг ч мөн чанарын стандартыг тууштай баримталж ирсэн. 1997 оноос хойш түүхий эд, орц найрлага, үйлдвэрлэлийн арга барилаа өөрчлөлгүй, нэг амтаа хадгалж ирсэн нь бидний чанарын баталгаа юм. Чингис шар айраг нь 5.2 хувийн алкохолтой пилснер төрлийн шар айраг учраас мах, махан хоолтой амтны зохицол сайтай байдаг. Тухайн хүнсний бүтээгдэхүүний чанарын стандартыг байнга өндөрт хадгалж ажиллана гэдэг нь өөрөө маш хэцүү. Тиймээс ижил стандарт баримталдаг Primeat-тай урт хугацааны түншлэл эхлүүлсэндээ таатай байна.
undefined
“World Wine” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Даваажамц: Өнөөдрийн арга хэмжээнд Primeat, World Wine-ийн Clarendelle дарс, Чингис шар айраг болон 80 орчим ресторан хамтран оролцож байна. Primeat үхрийн махан бүтээгдэхүүнээ санал болгож байгаа бол World Wine Францын Бордо мужаас гаралтай Clarendelle гэх дээд зэрэглэлийн дарсаа танилцуулж байна. Энэхүү арга хэмжээний онцлог нь тогооч нар маань амтыг урлан бүтээж, хоол дарсны зохицлыг монголчуудад хүргэж буйд оршиж байна. Түүнээс гадна хэлэлцүүлгийн үеэр “Монгол амт гэдэг бол түүхийн жимээр явсан соёлыг тарьж байгаа мөр” гэх мэт гоё ойлголтууд гарч ирлээ.
Дарс заавал үнэтэй ресторан, үнэтэй хоолтой хослох албагүй. Монголчуудын өдөр тутамдаа иддэг бууз, хуушуур, чанасан мах ч дарстай сайхан зохицно. Хамгийн гол нь өөрт таалагдсан амтыг дуртай хоолтойгоо зохицуулах явдал. Primeat брэнд энэ чиглэлд онцгой анхаарч, олон улсын стандартуудыг шат дараатайгаар нэвтрүүлж, хүний нөөцөө тогтмол сургаж, шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлэн, тасралтгүй хөрөнгө оруулалт хийж ажиллаж байгааг судалгаа, танилцуулгаас нь харлаа. Гурван хүн тутмын нэг нь Primeat брэндийг мэддэг болсон байна. Энэ бол зах зээлд хэрэгцээтэй бүтээгдэхүүн болж байгаагийн илрэл. Тиймээс дэлхийн зах зээл ойрхон байгаа гэж л харж байна.
Primeat брэнд олон улсын чанарын стандартын шаардлагыг ханган ажиллаж, гарал үүсэл тодорхой бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг жилийн дөрвөн улиралд шимт чанарыг нь хадгалан хэрэглэгчдэд хүргэж байна. Тус брэнд малын тэжээлээс эхлээд үйлдвэрлэл, боловсруулалт, ложистик хүртэлх бүхий л үе шатыг цогцоор нь шийдсэнээр хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлжээ.
Энэ нь зөвхөн нэг компанийн амжилт бус, монгол махыг стандарттай, баталгаатай, дэлхийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн болгох зорилгын бодит илэрхийлэл юм. Үйлдвэрлэлээс үйлчлүүлэгч, хэрэглэгчийн хоолны ширээ хүртэлх хариуцлагатай тогтолцоог бүрдүүлж чадсан нь хэрэглэгчдийн итгэлийг бий болгож, тогооч нарын ур чадварыг илүү өндөр түвшинд гаргах суурь болж байна.
Уламжлал ба технологийг хослуулсан ийм шийдэл л “Монгол амт”-ыг дотоодын зах зээлээс хальж, олон улсын тавцанд өрсөлдөх хэмжээнд хүргэх алхам болох билээ. Эрүүл, чанартай, гарал үүсэл нь тодорхой махны соёлыг төлөвшүүлэх энэ зам цаашид ч үргэлжилсээр байх нь гарцаагүй.
undefined
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн