Улаанбаатар хотод Сар шинийн баярын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн хэмжээнд зарим эрүүл мэндийн байгууллагууд хуваарийн дагуу ажиллаж байна.Тодруулбал, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд болон шүдний кабинетууд 2026 оны хоёрдугаар сарын 17-20-ны өдрүүдэд иргэдэд үйлчилнэ. Хоёрдугаар сарын 17-нд 10:00–14:00 цагийн хооронд, харин 18-20-ны өдрүүдэд 11:00–15:00 цагийн хооронд ажиллах хуваарьтай байна. Эдгээр өдрүүдэд яаралтай бус боловч зайлшгүй шаардлагатай үзлэг, зөвлөгөө, анхан шатны эмчилгээ, боолт, тариа зэрэг тусламж үйлчилгээг үзүүлэх аж. Мөн Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв хоёрдугаар сарын 17-20-ны өдрүүдэд 10:00–14:00 цагийн хооронд ажиллаж, шүд, эрүү нүүрний яаралтай болон төлөвлөгөөт тусламж үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөжээ.Үүнээс гадна нийслэлийн өрхийн Эрүүл мэндийн төвүүд 2026 оны хоёрдугаар сарын 21-22-ны өдрүүдэд 10:00–14:00 цагийн хооронд ажиллаж, иргэдэд анхан шатны тусламж, зөвлөгөө, жор бичилт, хяналтын үзлэг зэрэг үйлчилгээг үзүүлэх юм байна. Харин яаралтай түргэн тусламжийн 103 дугаарын үйлчилгээ болон яаралтай тусламжийн тасгууд баярын өдрүүдэд 24 цагаар хэвийн ажиллахыг холбогдох байгууллагаас мэдээллээ. Иргэд баярын өдрүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд дээрх хуваарийн дагуу өөрт ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандаж, урьдчилан утсаар лавлан цагийн хуваарийг тодруулахыг зөвлөж байна.