"Монголын Алт" буюу МАК ХХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн тэтгэвэрт гарах аавдаа зориулж Хонгконгийн Өмнөд дүүрэгт байрлах бие даасан тансаг хаусыг 247 сая хонгконг доллар буюу 31.5 сая ам.доллароор худалдан авчээ. Энэ нь монгол мөнгөөр 113 тэрбум төгрөгийн өртөгтэй юм.
Хонгконгийн "South China Morning Post" сонинд мэдээлснээр, Газрын бүртгэлийн баримтаас харахад Н.Цэлмүүн захирлаар нь бүртгэлтэй Tisara Holdings компани нэгдүгээр сарын 29-нд Стэнли бүсийн Вонг Ма Кок Роуд дагуух One Stanley цогцолборын 5 дугаар хаусыг худалдан авах урьдчилсан гэрээг байгуулсан байна.
"South China Morning Post" сонинд мэдээлснээр Н.Цэлмүүн нь аав Б.Нямтайширынхаа 1993 онд үүсгэн байгуулсан, уул уурхай болон үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголын Алт” (MAK) группийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн тэрээр Монголын томоохон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч ХасБанкны ТУЗ-ийн гишүүн, хувьцаа эзэмшигч юм.
MAK нь Монголын томоохон нүүрс экспортлогчдын нэг бөгөөд БНХАУ-д нүүрс нийлүүлж эхэлсэн дотоодын анхдагч компаниудын тоонд ордог. Тус групп нь Qinghua Group, Huawei Technologies зэрэг түншүүдтэй хамтран ажиллаж, Шивээхүрэн боомтын дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулалт хийснээр экспортын хүчин чадлаа нэмэгдүүлжээ.
Түүний худалдаж авсан One Stanley цогцолбор нь нийт 43 блок, 82 айлын орон сууц бөгөөд хувийн нууцлал, далайн үзэмжээрээ дотоод, гадаадын чинээлэг худалдан авагчдыг татдаг аж.
Өмнөд дүүрэг болон The Peak нь Хонгконгийн хамгийн нэр хүндтэй орон сууцны бүсүүдэд тооцогддог бөгөөд сүүлийн жилүүдэд уналтад орсон тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэхэд тэргүүлэх байр суурь эзэлж буйг China Daily онцолжээ.
Зуучлалын компанийн мэдээллээр, 2025 онд дээрх хоёр дүүрэгт анхдагч болон хоёрдогч зах зээлд нийт 174 хэлцэл хийгдэж, гүйлгээний нийт дүн өмнөх оноос 21.2 хувиар өсөж, 19.9 тэрбум хонгконг долларт хүрсэн байна. Энэ нь 2021 онд 26.1 тэрбум хонгконг долларын гүйлгээ хийгдэж байсан оргил үеэс хойших хамгийн өндөр жилийн үзүүлэлт болжээ.