Open iToim app
Шүүх | 7 мин уншина

Б.Эрдэнэтулга: Олон жил орхигдсон шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэж байгаа

Б.Эрдэнэтулга: Олон жил орхигдсон шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэж байгаа
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 2
Шүүхийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, төсөв санхүү, шүүгчийн орон тоо, хэрэг хуваарилалт болон бүтээн байгуулалтын ажлын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгатай ярилцлаа.
-Төсвийн 80 хувь нь цалинд, 20 хувь нь урсгал зардалд явдаг тул тоног төхөөрөмжийн болон санхүү мөнгөний асуудал хэр их үүсч байгаа вэ?
-Шүүхийн төсвийг Шүүхийн тухай хуульд заасны дагуу улсын төсвөөс санхүүжүүлэх ёстой. Гэвч Монгол Улсын шүүхийн байгууллагын хувьд 2006 оноос хойш хөрөнгө оруулалтын асуудал бодитоор шийдэгдээгүй явж ирсэн. Хөрөнгө оруулалтаар бид шүүхийн байр барилга, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, машин техник зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлсээ шийдвэрлэх ёстой байдаг. Гэтэл энэ чиглэлийн санхүүжилт олон жил орхигдсон. Өнөөдөр анхан болон давж заалдах шатны нийт 88 шүүх үйл ажиллагаа явуулж байгаа ч шаардлага хангасан, зориулалтын байртай шүүх үндсэндээ байхгүй. Ихэнх нь хуучин банк, цэцэрлэгийн барилгад, зарим тохиолдолд прокурорын байгууллагатай хамт нэг байранд үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангахад ч хүндрэл учруулдаг.
2022 оноос хэрэгжсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөл 2021 оноос төсвөө Хууль зүйн байнгын хороогоор хянуулж ирсэн. Гэхдээ энэ хугацаанд батлагдсан төсөв нь зөвхөн урсгал зардал буюу цалин, байр ашиглалт, ус, дулаан, цахилгаан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардлуудыг л хамарч байсан. Харин хөрөнгө оруулалтын буюу барилга байгууламжийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Харин 2024 оноос шүүхийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгаж эхэлсэн. Энэ хүрээнд Архангай, Дархан, Өмнөговь аймаг болон Багануур дүүрэгт шүүхийн барилгын ажлууд эхэлж, хэрэгжиж байна. Энэ онд бид эдгээр барилгын ажлыг үргэлжлүүлж, бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
-Дүүргийн шүүхийн нэгдсэн байрын ажил хэдэн хувьтай явагдаж байгаа вэ. Энэхүү байр баригдсанаар ямар чухал ач холбогдолтой бол?
-Баруун бүс буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хувьд шүүх хуралдааны танхимын хүрэлцээ маш муу байна. Танхим цөөн учраас шүүх хуралдаанууд хойшлох эсвэл олон оролцогчтой хэргийг жижиг танхимд явуулах нөхцөл үүсэж, иргэдийн үйлчлүүлэх эрх ашиг бодитоор хангагдахгүй байгаа. Өнөөдөр зарим шүүх хуралдаан 2х2 метр квадрат орчим хэмжээтэй танхимд явагдаж байна. Энэ нь шүүхийн үйл ажиллагаанд тавигдах ёстой наад захын стандартын асуудлыг хөндөж байгаа юм. Төрийн захиргааны албан хаагчид хэдэн метр квадрат талбайд ажиллах ёстой вэ гэсэн тодорхой стандарт байдаг. Гэтэл шүүх хуралдааны танхимд ийм стандарт бодитоор хэрэгжихгүй байна. 2022 онд НҮБ-ын тусгай илтгэгчийн тайланд хүртэл “подвалын шүүх” гэж дурдагдаж байсан. Бид туурга тусгаар, Үндсэн хуультай улс атлаа Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийн байгууллага ийм нөхцөлд ажиллаж байгаа нь өөрөө эмзэг асуудал юм.
Иймээс 2013 онд эхлүүлсэн шүүхийн барилгын ажлыг үргэлжлүүлж, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаад баригдаж буй шүүхийн цогцолбор барилгыг бодитоор хэрэгжүүлж байна. Урьдчилсан төлөвлөлтөөр баруун бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа эрүү, иргэн, хялбар ажиллагааны шүүхүүд мөн тусгай архив энэ барилгад төвлөрөн ажиллах боломж бүрдэнэ. Энэхүү барилга ашиглалтад орсноор олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбортой болно. Иргэд, үйлчлүүлэгчид, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, хуяглан хүргэлт, цагдаагийн байгууллагынхан тус тусдаа орц, гарцтай байх нөхцөл бүрдэнэ. Ингэснээр шүүхийн байрны аюулгүй байдал, зохион байгуулалтын стандарт хангагдана. Мөн шүүхээр үйлчлүүлж буй насанд хүрээгүй гэрч, хохирогчдын эрх ашиг илүү сайн хамгаалагдах, өмгөөлөгч, прокурор, шинжээчдийн ажиллах орчин сайжрах зэрэг олон давуу тал бий болно. Өөрөөр хэлбэл, олон улсын жишигт нийцсэн шүүхийн орчныг бүрдүүлж, олон жил орхигдсон шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэж байна.
Барилгын угсралтын ажил 2025 онд дууссан бөгөөд энэ онд дотоод заслын ажлыг эхлүүлнэ. Нийт төсөв нь ойролцоогоор 95 тэрбум төгрөг. 2025 онд 27 тэрбум төгрөг, 2026 онд 25 орчим тэрбум төгрөг тус тус батлагдсан. Энэ асуудлыг бид олон жил ярьж, удаа дараа сануулж ирсэн. Урт хугацаанд шийдэгдэхгүй явж ирсэн тул холбогдох төрийн байгууллагуудад хандаж, барилгын ажлыг үргэлжлүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа юм.
-Шударга бус шийдэгдлээ гэх хэргүүдийн тухайд ижил төстэй хэргүүдээр нь харьцуулалт хийгдэх боломжтой юу?
-Эрүүгийн хуульд гэмт хэрэг бүр тодорхой зүйл ангитай. Прокурорын байгууллагаас тухайн зүйл, ангид хамааруулан хэргийг шүүхэд шилжүүлдэг. Үүнтэй холбоотойгоор тодорхой төрлийн хэргүүдийн тоо, статистик судалгааг гаргах боломжтой. Гэхдээ ижил зүйл, ангид хамаарч байгаа бүх хэрэг агуулга, нөхцөл байдлын хувьд адилхан байдаггүй. Тухайлбал, холбогдогчийн сэдэл, санаа зорилго, гэмт хэргийн шинж чанар, хохирогчид учирсан гэмтэл бэртэл, хохирлоо барагдуулсан эсэх, гэм буруугаа ухамсарласан байдал, гэм буруугаа хүлээсэн эсэх зэрэг олон нөхцөл байдлыг шүүх харгалзан үздэг.
Эдгээрийг үндэслэн шүүх ял шийтгэлийг ялгамжтай оногдуулдаг. Өөрөөр хэлбэл, шийдвэрийг тухайн хэрэг бүрийн бодит нөхцөл байдалд тулгуурлан шүүгч бие даан гаргаж байгаа гэсэн үг. Мөн Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд шүүн таслах ажиллагаанд хэн ч бай хөндлөнгөөс оролцохыг хориглосон байдаг. Тиймээс шүүгч тухайн хэргийн материалыг бүрэн судалж, нотлох баримтад дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэр гаргадаг. Ийм учраас нэг зүйл ангид хамаарсан хэргүүдийг заавал ижилхэн шийдвэрлэнэ гэсэн ойлголт байхгүй. Хэрэг бүрийг тус бүрд нь бодит нөхцөл байдалд нь тулгуурлан шийдвэрлэдэг.
-Шүүгчийн сонгон шалгаруулалт яаж явагддаг вэ?
-УИХ-ын 2024 оны 53 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүх нийт 699 шүүгчтэйгээр ажиллахаар баталсан. Гэвч өнөөдрийн байдлаар 510 орчим шүүгч ажиллаж байгаа нь орон тооны хувьд тодорхой хэмжээний дутуу байдалтай байна гэсэн үг. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг сонгон шалгаруулах бүрэн эрхтэйгээр байгуулагдсан. Шүүхийн ерөнхий зөвлөл нь 10 гишүүнтэй бөгөөд эдгээр гишүүд шүүгчийн сонгон шалгаруулалтын ажиллагааг зохион байгуулж, шийдвэр гаргадаг.
Шүүгчийн сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагддаг. Нэгдүгээр шат нь бодлогын сорилын тест. Энэхүү тестийг тусгайлан томилогдсон шинжээчид боловсруулдаг бөгөөд шалгалтын өмнөх өдөр задлаж Шүүхийн ерөнхий зөвлөл авдаг. Тиймээс бодлогын тестийн агуулгад Шүүхийн ерөнхий зөвлөл, тэр байтугай Улсын дээд шүүх ч нөлөөлөх боломжгүй. Тестийг ямар аргачлалаар, хэн боловсруулсныг ч урьдчилан мэдэх боломжгүй байдлаар зохион байгуулдаг. Хоёрдугаар шат нь ярилцлага. Энэ шатанд Шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчийн зан төлөв, ёс зүй, шүүгчээр ажиллах ур чадвар, боломжийг үнэлж дүгнэдэг. Улмаар зөвлөлийн гишүүдийн өгсөн онооны дунджаар нэр дэвшигчдийг эрэмбэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг.
–Шүүгч нарт өгөгдөх хэргийн хувиарлалт нь системээр явагддаг гэж байсан. 
-Жил бүрийн эхэнд бүх шатны шүүхүүд шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнөө хийж, тухайн жилийн хэрэг хуваарилах журам, процессоо баталдаг. Энэ журмын дагуу эрүүгийн болон иргэний хэргийн цахим системд шаардлагатай өгөгдлүүдийг оруулж тохируулга хийдэг. Ингэснээр хэрэг шүүхэд ирсэн даруйд тухайн тойргийн зарчмаар, санамсаргүй сонголтын аргаар шүүгчид автоматаар хуваарилагддаг. Өөрөөр хэлбэл, хэн гэдэг шүүгч дээр ямар хэрэг очихыг урьдчилан мэдэх, зориудаар оноох боломжгүй. Бүх зүйл системийн дагуу, санамсаргүй байдлаар хуваарилагддаг учраас хэрэг хуваарилалт ил тод, хөндлөнгийн нөлөөгүй явагддаг гэсэн үг.
-Нийгэмд шүүхийн шийдвэртэй холбоотой буруу ташаа мэдээлэл түгээхэд тухайн түгээсэн хүн дээр нэхэмжлэл гаргахаас өөр эрүүгийн заалт байдаггүй юу?
-Шүүх тухайн хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргасны дараа шүүгч албан ёсны шийдвэрийн тоймыг бэлтгэн олон нийтэд мэдээлдэг. Энэ нь шүүх хэрхэн, ямар үндэслэлээр шийдвэр гаргасныг албан ёсоор тайлбарласан эх сурвалж юм. Гэтэл сүүлийн үед зарим иргэд, мөн олны танил хүмүүс шүүхийн өмнөөс тухайн хэргийн тухай тайлбар хийж, дүгнэлт өгч байгаа нь зохимжгүй байна. Шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байдаг зарчим үйлчилдэг. Гэтэл хувь хүний үзэмжээр ингэж шийдсэн, тэгж шийдэх ёстой байсан гэх мэтээр олон нийтийн санаа бодолд нөлөөлөх оролдлого хийж, буруу ойлголт төрүүлэх тохиолдол гарч байна. Иймээс иргэд, олон нийт албан ёсны шийдвэрийн тоймд тулгуурлаж, шүүх хэрхэн, ямар үндэслэлээр шийдвэр гаргасныг ойлгож дүгнэх нь илүү зөв юм.
-Улс орны хөгжил эдийн засгийн асуудлаас үүдэж гэмт хэрэг их өсөж байна. Ингэснээр шүүхийн ачаалал нэмэгдэж байгаа болов уу?
-Улсын төсөв батлагдах үеэр бид олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Тэр хэлэлцүүлгүүдийн үеэр яагаад шүүхийн төсөв ингэж нэмэгдээд байна вэ гэсэн асуулт байнга хөндөгддөг. Гэхдээ энэ нь шүүх өөрөө зардлаа дур мэдэн өсгөж байгаа асуудал биш. Нийгэмд суурь гэмт хэрэг өсөж байгаа нь шууд шүүхийн ачаалалд нөлөөлж байна. Суурь гэмт хэрэг нэмэгдэхийн хэрээр шүүхээр харьяалан шийдвэрлүүлэхээр ирэх хэрэг ч дагаад өсдөг. Жишээлбэл, эрүүгийн хэрэг нэмэгдвэл эрүүгийн шүүхийн ачаалал шууд нэмэгдэнэ.
Мөн улс орны хөгжил, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд аппликейшний зээл, зээлийн маргаантай холбоотой нэхэмжлэлүүд эрс нэмэгдсэн. Үүний улмаас хялбар ажиллагааны шүүхэд сүүлийн хоёр жилийн хугацаанд аппликейшний зээлийн хэрэг маш олноор ирж байна. Энэ бүхэн шүүхийн нийт ачааллыг өсгөж байгаа гол шалтгаан юм. Өөрөөр хэлбэл, нийгэм, эдийн засгийн суурь нөхцөл байдалтай холбоотойгоор гэмт хэрэг, иргэний маргаан нэмэгдэж байна. Түүний үр дагавар нь шүүхийн ачаалал нэмэгдэх явдал. Харин суурь гэмт хэрэг, нэхэмжлэл маргаан багасвал шүүхийн ачаалал дагаад буурах боломжтой.
-Ярилцсанд баярлалаа. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн