Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Ч.Чимгэрэл: Манай улсын дийлэнх бараанд үндэсний стандарт гэж байхгүй

Ч.Чимгэрэл: Манай улсын дийлэнх бараанд үндэсний стандарт гэж байхгүй
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 2
Гаалийн ерөнхий газраас уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд энэ онд нийт 15 үндэсний үйлдвэрлэгч ААН, мэргэжлийн холбоодын 182 бараа бүтээгдэхүүнийг үндэсний кодын түвшинд задлах боломжтой эсэхийг судалжээ. Нэг бүтээгдэхүүнийг 14 үзүүлэлтээр авч үзэхэд, ааруул, чацарганын болон хушны самрын тос гэсэн гурван бүтээгдэхүүн үндэсний кодын системд нийцжээ. ЭЗХЯ болон МҮХАҮТ-аас зохион байгуулсан “Экспорт, гадаад худалдааны боломжууд” хэлэлцүүлгийн үеэр Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Чимгэрэлээс барааны ангилал болон үндэсний кодын ач холбогдлын талаар тодрууллаа.
-Барааны үндэсний код гэж юу болох талаар мэдээлэл өгөөч?
-Чөлөөт худалдааны хэлэлцээр, түншлэлийн хэлэлцээрийн 70 орчим хувь нь барааны ангиллын кодыг үнэн зөв хэрэгжүүлэх, мэдүүлэхтэй холбоотой байдаг. Код гэж яриад байгаа боловч үүний цаана барааны асуудал яригдаж байгаа. Тэгэхээр гадаад худалдаанд худалдаалагдаж буй нийт барааны 98 хувь нь нэгдсэн системээр болон барааг тодорхойлуулах уялдуулсан систем гэж олон улсын конвенцын нэршлээр ангилагддаг. Дэлхийн 212 орон энэ ангиллын кодоор улс хоорондоо бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлж, гаалийн болон гадаад худалдааны зохицуулалтаа хийж явдаг. Нэгэнт чөлөөт худалдааны асуудал яригдаж байгаа бол барааны тарифыг ярих ёстой. Ер нь тарифад барааны ангилал гэдэг маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас гарч байгаа экспортын бүтээгдэхүүн нь цаад талдаа тарифын хувьд ямар хөнгөлөлт эдлэх вэ гэдэг дээр илүү анхаарч ажиллана. Үүн дээр гарал үүслийн дүрэм нэлээн ач холбогдол өгч байдаг. Улсын хэмжээнд 1992 оноос хойш 1012 бараан дээр үндэсний кодын задаргаа хийсэн. Энэ нь нэг талаасаа гаалийн тарифын зорилгоор гаргаж байгаа задаргаа, нөгөө талдаа экспортын бараа бүтээгдэхүүнийг бусад бараанаас онцлон ялгаж тусгайлан код олгож байгаа хэрэг. Барааны дийлэнх нь нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн. Импорт талдаа бол онцгой албан татвар ноогдуулах зорилгоор автомашин, архи согтууруулах ундаа болон тамхин бүтээгдэхүүн дээр тус задаргааг хийж өгсөн.
-Гаалийн ерөнхий газраас 182 бараа бүтээгдэхүүнийг үндэсний кодын түвшинд задлах боломжтой эсэхийг судалсан байна. Үүний үр дүн юу гэж гарсан бэ?
-Улс оронд энэ нэгдсэн систмээр ангилаад явдаг гаалийн код гэж ярьдаг. Монгол Улсын хувьд нэгдээд орчихсон байгаа Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Евроазийн хэлэлцээр, Ази номхон далайн бүс нутгуудтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд экспортонд гарч байгаа бүтээгдэхүүнийг олон улсын ангиллын кодонд нийцүүлье. Дээрээс нь бодлого боловсруулагч нар түүнийг хэрэгжүүлж байгаа Гаалийн байгууллага, МҮХАҮТ, үндэсний үйлдвэрлэгч нар маань зөв нэгдсэн ойлголттой байж уул уурхайн бус бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ. Үүнийг хамтдаа хийж ажиллая гэсэн ойлголтоор мэдээллээ бэлтгэсэн. Бид 182 бараан дээр судалгаа хийж үзэхэд яг одоо олон улсын ангиллын кодын шалгуурыг хангах барааны мэдээлэл хомс. Монгол улсад үйлдвэрлэж байгаа дийлэнх бараа үндэсний стандартаас бага юм байна. Мөн чөлөөт худалдааны хэлэлцээрийн үр дүнд хийж буй тарифын хөнгөлөлт эдлэх, гарал үүслийн дүрмээр шалгуураа хангаж байна уу гэж судалгаа хийхэд тэнцэхгүй байгаад байна. Тэгэхээр Гаалийн байгууллагын зүгээс эдгээр экспортолж байгаа бараа бүтээгдэхүүн дээр яг шаардлага хангасан гурван бараан дээр код гаргаж өгсөн. Ааруул, чацарганын болон самрын тос гэсэн гурван бүтээгдэхүүн ирэх сарын нэгнээс албан ёсоор үндэсний кодтой болно.
-Ямарваа нэг бүтээгдэхүүн үндэсний кодтой болохын давуу тал, ач холбогдол нь юу вэ?
-Олон улсад зургаан кодын түвшинд хэрэглэдэг. Мал амьтны гаралтай, ургамлын гаралтай тосноос чацарганын тос нь юугаараа ялгаатай юм бэ гэдгийг ялгаж болно. Ургамлын гаралтай тосон дээр бусад гээд ангилал байдаг бол Монгол Улс үүн дотроос чацарганы тосоо онцолж задаргаа хийж байгаа. Энэ бол MNS стандарттай олон улсын шаардлагад нийцсэн кодтой бараа юм аа гэдгийг нотолж өгч байгаа гэсэн үг. Ер нь илүү ач холбогдолтой болж байгаа гэж хэлж болох юм. Манай улсын дийлэнх бараанд үндэсний стандарт гэж байхгүй. Тэгэхээр тухайн бараа импортын бараанаас юугаараа онцлог, яаж таньж тодорхойлох вэ. Бид гадаад улсад тарифын хөнгөлөлт эдлэхдээ юугаараа өрсөлдөх вэ гэдгээ ч тодорхойлно. Угаасаа бүх бараа бүтээгдэхүүнийг кодлох боломжтой. Гэхдээ энэ дотроос юуг нь онцолж ялгах, үндэсний кодын задаргаа яаж хийх вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Ер нь чанар шаардлага хангасан бараан дээр үндэсний кодын задаргаа гаргаж өгөхөд нээлттэй. Манай байгууллага зөвлөн туслах үйлчилгээ үзүүлээд явна. Цаашид салбар салбарт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн дээр ангиллын кодыг үнэн зөв тодорхойлох чиглэлд үйлчилгээ үзүүлж, бусад байгууллагатайгаа хамтарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн