Open iToim app
Банк, санхүү | 2 мин уншина

Банкны салбарын нийт актив 20 хувиар нэмэгджээ

Банкны салбарын нийт актив 20 хувиар нэмэгджээ
Нийтэлсэн 17 минутын өмнө
Монголын Банкны Холбооноос “Банкны салбарын тойм 2025” судалгаа болон макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тус хуралд МБХ-ны Ерөнхийлөгч О.Хүрэлбаатар, Гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцож, салбарын гүйцэтгэл болон бодлогын орчны талаар мэдээлэв.
Эдийн засгийн өсөлт ба салбаруудын нөлөө
2025 онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өссөн бөгөөд үүнд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт голлон нөлөөлжээ. Цаг уурын хүндрэлээс шалтгаалан агшсан энэ салбар есөн улирлын дараа сэргэж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулсан байна. Мөн уул уурхай, тээвэр логистик, үйлчилгээ, худалдаа, боловсруулах болон барилгын салбаруудын өсөлт үргэлжилжээ.
Нүүрсний үнэ буурснаар экспортын орлого саарсан ч зэс, алтны үнийн өсөлт цэвэр экспорт эерэг гарахад дэмжлэг үзүүлсэн байна. Урсгал дансны алдагдал буурч, аялал жуулчлалын орлого нэмэгдсэнээр валютын нөөц өсөж, төгрөгийн ханш тогтвортой байж, оны сүүлийн саруудад чангарсан үзүүлэлттэй байгаа юм.
Төсөв, мөнгөний бодлого
Төсвийн сахилга бат тодорхой хэмжээнд сайжирч, ДНБ-д эзлэх төсвийн зарлага буурсан нь үндсэн тэнцлийг эерэг гаргахад нөлөөлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэлд хэт найдаж төсвийн зарлагыг тэлэх нь эрсдэлтэй тул эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатайг дурдав. Инфляцыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд үнийн өсөлт тогтвортой саарч байна.
Банкны салбарын гүйцэтгэл
2025 онд банкны салбар тогтвортой, өсөлттэй ажиллаж, нийт актив 20 хувиар нэмэгдсэн байна. Чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 15 жилийн доод түвшинд хүрч, банкнуудын өөрийн хөрөнгийн өгөөж хадгаламжийн дундаж өгөөжөөс өндөр үзүүлэлттэй гарчээ.
Боловсруулах болон хөдөө аж ахуйн салбарт олгосон зээл өссөн бол хэрэглээний зээлийг хумих зохицуулалтын бодлогын нөлөөгөөр иргэдийн зээлийн хэмжээ хязгаарлагдсан байна. Үүний улмаас өмнөх жилүүдэд авсан зарим зээл чанаргүйдэх хандлага ажиглагджээ. Төгрөгийн хадгаламжийн хүү өндөр байсантай холбоотойгоор төгрөгийн харилцах, хадгаламж өссөн байна.
Гадаадын хөрөнгө оруулалттай банкны асуудал
undefined
МБХ-ны Ерөнхийлөгч О.Хүрэлбаатар "Гадаадын хөрөнгө оруулалттай төрөлжсөн банкны тухай 2023 онд батлагдсан хууль бодит хэрэгжилтгүй байна. Уг хуулиар гадаадын банк тодорхой хэмжээний өөрийн хөрөнгөтэйгөөр орж ирэх, дотоодын зах зээлд жижиглэн хадгаламж татахгүй, харин 100 тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний зээлийг томоохон төсөлд олгох чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулах зохицуулалттай" гэв.
undefined
МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амар "Гадаадын банк орж ирэх нь өрсөлдөөнийг нэмэгдүүлж, эх үүсвэрийн өртгийг бууруулах боломжтой гэж үзэж байна. Одоогоор гадаадаас татсан эх үүсвэрийг төгрөгт хөрвүүлэх зардал өндөр, дотоодын хадгаламжийн хүүтэй өрсөлдөхөд хүндрэлтэй байгаа юм. Харин өндөр үнэлгээтэй гадаадын банк орж ирвэл бага хүүтэй эх үүсвэр татах, томоохон уул уурхайн хайгуул болон мега төслүүдийг санхүүжүүлэх боломж нэмэгдэнэ. Гэхдээ заавал байлгах нөөц, өөрийн хөрөнгийн шаардлага өндөр байгаа нь зээлийн хүү огцом буурах нөхцөлийг бүрдүүлэхгүй" гэлээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн