Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Ю.Үнэнбүрэн: Морин уралдааныг хатуу дүрэм журамтай зохион байгуулж, өв соёлоо хадгалж үлдэх нь чухал байна

Ю.Үнэнбүрэн: Морин уралдааныг хатуу дүрэм журамтай зохион байгуулж, өв соёлоо хадгалж үлдэх нь чухал байна
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хуралд тус холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болон холбооны тэргүүлэгч, аймгийн алдарт уяач нар оролцсон юм.
Өвөрхангай аймгаас төрөн гарсан улс, аймгийн алдарт уяачдын зөвлөгөөн хоёрдугаар сарын 28-нд болж, 19 сумын 250 гаруй төлөөлөгч оролцсон байна. Зөвлөгөөнөөр уяачдын санал бодлыг сонсож, уриалга гаргажээ. Төлөөлөгчид хурдан морь унаач хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавих шаардлагатайг онцолж, тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч хөгжих боломжийг хангах нь зүйтэй гэдгийг сануулсан байна. Мөн хаврын болон бусад улирлын морин уралдааныг зохион байгуулахад хууль эрх зүйн тодорхой зохицуулалт, нэгдсэн бодлого шаардлагатайг дурджээ.
СГЗ Ю.Үнэнбүрэн "Бид нүүдэлчин ахуйгаас суурин соёл иргэншилд шилжиж байгаа ард түмэн. Нүүдэлчдийн ахуй амьдрал, зан үйл суурин соёлоос өөр. Хэрэв хүүхэд морь унахыг бүхэлд нь хоригловол бидэнд хойшид үндэсний өв соёл хэрхэн үлдэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Манай улсад ирж буй жуулчид дан ганц байгаль үзэхээс илүүтэй үндэсний зан заншил, таван хошуу малаа маллан, гэрт амьдарч буй монгол ахуйг сонирхож ирдэг. Энэ бол монгол түмний өв соёл. Бид алсыг харж, бодлоготой хандах ёстой.
1995 онд Монголын морин спорт уяачдын холбооноос гаргасан мэдээллээр 70 мянга гаруй уяач, 30 мянга гаруй хүүхэд морь унаж байсан гэх тоо бий. Харин 2008 оны судалгаагаар энэ тоо 50 хувиар буурсан гэсэн дүн гарсан. Сүүлдээ уяачдын тоо 10 мянгад хүрч цөөрсөн тухай яригддаг. Өнөөдөр бодит тоо хэд байгааг ч тодорхой хэлэхэд бэрх боллоо. Морь уядаг хүний тоо цөөрч, хүүхэд залуус мориноос хөндийрч байна. Монгол хүн бүр бага насандаа морь унаж сурдаг байсан бол одоо залуус мотоцикл унаж, төв суурин газар бараадах нь нэмэгдэж, хөдөө нутаг эзэнгүйдэх хандлагатай боллоо. Тиймээс морин уралдааныг зөв зохион байгуулж, өв соёлоо хадгалж үлдэх нь чухал юм.
Аливаа зүйлийг хориглох тусам нуугдмал хэлбэр лүү шилждэг. Харин нээлттэй байлгаж, зарчим, дүрэм журмыг нь тодорхой болгож, хатуу мөрдүүлбэл осол, зөрчил багасна.
Адууны өв соёлыг дагаад монгол ёс заншил, уламжлал хөгжиж ирсэн. Өнөөдөр уяачид хүүхдийн аюулгүй байдалд илүү анхаарч, хамгаалалтын хэрэгслийг тогтмол хэрэглүүлж байна. Бид талцаж маргалдах бус, зөв талаас нь харж, хамтдаа шийдэлд хүрэх хэрэгтэй. Морин уралдааны хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлж, тодорхой зохицуулалттай болгох нь зүйтэй. Бидний зорилго бол хойч үедээ үндэсний өв соёлоо зөв төлөвшүүлэн үлдээх явдал" гэлээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн