Хятадын улс төрийн хамгийн том арга хэмжээ болох “Хоёр чуулган” өнөөдрөөс эхэллээ. Чуулганы үеэр улс төрийн зөвлөх байгууллага болон хууль тогтоох дээд байгууллагын нягт зохион байгуулалттай, урьдчилан бэлтгэсэн хуралдаанууд болдог.
“Хоёр чуулган” нь ихэвчлэн 1-2 долоо хоног үргэлжилдэг бөгөөд Хятадын бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлдог. Ажиглагчид Хятад улс дотоодын хэрэглээг сэргээхэд бэрхшээлтэй хэвээр байгаа ч эдийн засгийн өсөлтийн амбицтай зорилт дэвшүүлэх эсэхийг анхааралтай харж байна. Энэ удаагийн чуулганы өмнө авлигын эсрэг удаан хугацаанд үргэлжилж буй кампанит ажлын хүрээнд өндөр албан тушаалын цэргийн удирдлагуудыг чөлөөлсөн явдал анхаарал татаж байна.
“Хоёр чуулган” гэж юу вэ?
“Хоёр чуулган” гэдэг нь хоёр өөр хурлыг хэлдэг. Эхнийх нь өнөөдрөөс эхэлж буй БНХАУ-ын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хурал юм. 2000 гаруй гишүүнтэй энэ байгууллагад зөвхөн Коммунист намынхан биш, нийгмийн олон салбарын төлөөлөл багтдаг. Тэдний хэлэлцүүлэг бодлогын чухал маргаан, чиг хандлагын талаар ойлголт өгдөг ч хууль тогтоох эрх мэдэлгүй.
Хууль тогтоох эрх мэдэл нь пүрэв гарагт хуралдаанаа эхлүүлэх Ардын төлөөлөгчдийн их хуралд байдаг. Хэдийгээр АТИХ нь хууль батлах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, улсын төсөв батлах зэрэг өргөн эрх мэдэлтэй ч бодит байдал дээр Коммунист намын хаалттай хүрээнд гаргасан шийдвэрүүдийг албан ёсоор баталгаажуулдаг “тамга дардаг” парламент гэж үздэг.
1954 онд байгуулагдсан АТИХ нь жилд нэг удаа хуралддаг. Бүх муж, өөртөө засах орон, хотууд болон төрийн байгууллагууд, зэвсэгт хүчнээс нийт 3000 орчим төлөөлөгч Бээжинд цугларна. Ихэнх нь намын гишүүн эсвэл төрийн албан хаагч бөгөөд таван жилийн хугацаатай сонгогддог.
Конгрессоос сонгогдсон байнгын хороо нь хамгийн их нөлөөтэй аж. 175 гишүүнтэй тус хороог Коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Жао Лежи даргалж байна.
Яагаад дэлхий нийтэд хамаатай вэ?
Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашин, нарны зайн хавтан, хүн дүрст робот, хиймэл оюуны аппликейшн зэрэг салбарт Хятадын үйлдвэрлэл, технологийн нөлөө асар хурдтай тэлсэн. Энэ нь санамсаргүй бус, харин “дэлхийн үйлдвэр” статусаас дэлхийн технологийн гүрэн болох төрийн стратегийн бодлогын үр дүн юм. Өмнө жилийн хурлын үеэрх Ардын төлөөлөгчдийн их хурлын үг хэллэгээс ийм чиглэл тодорхой харагдаж байсан тул шинжээчид энэ жилийн чуулганаас дараагийн алхмын талаар дохио хайж байна.
Хятадад бодлогын жижиг өөрчлөлт мэт санагдах зүйлс ч дэлхий даяар томоохон нөлөө үзүүлж болзошгүй. Урт, нэгэн хэвийн мэт илтгэлүүд дотор тодорхой салбарт илүү анхаарал, санхүүжилт олгох зэрэг чухал дохио агуулагдсан байх нь бий. Мөн энэ удаагийн чуулган дэлхийн удирдагчид Бээжинтэй харилцаагаа тогтвортой болгохыг эрмэлзэж буй үед болж байна. Ялангуяа АНУ-д Дональд Трампын хоёр дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш нөхцөл байдал таамаглахад бэрх болоод буй.
Энэ жилийн "Хоёр чуулган"-аас юу хүлээх вэ?
Энэ жилийн хэлэлцэх асуудлын нэг нь “үндэстний эв нэгдлийн тухай” хууль. Хүний эрхийн байгууллагуудын үзэж байгаагаар энэ нь цөөнхийн бүлгүүдэд тавих хяналтыг улам чангатгахад ашиглагдаж магадгүй аж.
Хуулийн төсөлд мандарин хэлийг илүү чухалчилж, Төвөд, Шинжаан, Өвөр Монгол зэрэг бүс нутагт аль хэдийн буурсан орон нутгийн хэлний боловсролыг цаашид шахах эрсдэлтэй гэж үзэж байна. Мөн Хан үндэстэн болон цөөнхийн хоорондын гэрлэлтийг дэмжих, “үндэстний эв нэгдэлд харш” үйлдлийг хориглох заалт багтжээ. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдэд Коммунист намыг хайрлахыг зааж чиглүүлэх үүрэгтэй гэж төсөлд тусгасан байна.
Энэ жил байгаль орчин, экологийн хамгаалалт, бохирдлын хяналт, нүүрстөрөгч багатай хөгжлийг хамарсан хууль батлах төлөвтэй байна. Мөн Ерөнхий сайдын танилцуулах Засгийн газрын ажлын тайлангаар өнгөрсөн жилийн гүйцэтгэлийг дүгнэж, ирэх жилийн бодлогын чиглэл, эдийн засгийн зорилтыг тодорхойлдог. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтийн зорилт “ойролцоогоор 5 хувь” байсаар ирсэн. Үүнээс доогуур зорилт дэвшүүлбэл илүү удаан боловч чанартай өсөлтийг илүүд үзэж байгааг илтгэнэ.
Түүнчлэн 2026-2030 онд хэрэгжих дараагийн Таван жилийн төлөвлөгөөг батлах нь энэ удаагийн чуулганы онцлох үйл явдал юм. Энэ баримт бичиг нь өндөр технологи, сэргээгдэх эрчим хүчний салбар болон дотоодын хэрэглээг дэмжих урт хугацааны зорилгыг илүү тодорхой болгоно.