УИХ-ын гишүүн, “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн барихаар зэхэж буй “УИХ-ын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах” агуулга бүхий хуулийн төсөлд байр сууриа илэрхийлж, уг төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ.Тэрээр "Монгол Улсын үндэсний дархлаа, язгуур эрх ашиг нь нэг хүний эрх мэдэлд бус, ард түмний сонголтоор бүрдсэн ардчилсан парламентын засаглалд оршдог. 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлсэн нь парламентын засаглалыг бэхжүүлэх зорилготой байсан ч засаглалын институц хоорондын тэнцвэр бүрэн тогтоогүй хэвээр байна. “Ёс зүйн алдаа” гэх тодорхой бус ойлголтод тулгуурлан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт нь парламентын гишүүдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах, улмаар улс төрийн дарамт, нөлөөллийн хэрэгсэл болж болзошгүй, эрсдэлтэй юм. Парламентын гишүүдийн үг хэлэх эрх чөлөө нь ардчилсан парламентын дархлааны чухал үндэс тул түүхэнд Английн парламентын гишүүдийн үг хэлэх эрхийг “Bill of Rights”-оор хамгаалж баталгаажуулсан байдаг. Мөн “ёс зүйн алдаа”-г Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эцэслэн тогтоох зохицуулалт нь нийгэмд маргаан, үл ойлголцол үүсгэж болзошгүй. Түүнчлэн Монгол Улс геополитикийн хувьд хоёр том гүрний дунд оршдог тул парламентын институц сулрах нь улс төр, эдийн засгийн нөлөөлөлд автах эрсдэлийг нэмэгдүүлэх юм.Харин төрийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах шаардлагатай ч үүнийг парламентын дархлааг сулруулах замаар бус, ардчилсан институцуудыг бэхжүүлэх бодлогоор хэрэгжүүлэх ёстой. Улс төрийн намын төлөвшлийг сайжруулах, сонгуулийн шалгуурыг боловсронгуй болгох, иргэдэд сонгосон төлөөллөө эгүүлэн татах боломж олгох зэрэг саналыг дэвшүүлж байна. Мөн шүүх, прокурор, аудит, АТГ зэрэг байгууллагын хараат бус байдлыг баталгаажуулж, парламентын институцыг бэхжүүлэх шаардлагатай" гэжээ.