Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Хилийн хориг тавиулсан УИХ-ын гишүүд

Хилийн хориг тавиулсан УИХ-ын гишүүд
Нийтэлсэн 7 цагийн өмнө
УИХ-ын гишүүд гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдах, шалгагдах асуудал бүхий л парламентад байсан. Тэгвэл анхны 126 гишүүнтэй парламентын хэд хэдэн гишүүн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Бүр шүүхээс гэм буруутайд тооцож, ял оноосон гишүүн ч өнөөгийн парламентад бий.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын мэдээлснээр 17 гишүүнийг яллагдагчаар татагдаад байгаа. Үүн дээр нэмж УИХ-ын гишүүн П.Сайнзориг яллагдагчаар татагдаад байгаа.
Тэгвэл хаврын чуулган эхлэхээс өмнө гурван ч гишүүнд хилийн хориг тавьжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Нийслэлийн прокурорын газраас төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Харин П.Сайнзоригийг хүний биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан үндэслэлээр хилийн хориг тавьсан бол Э.Болормаа гишүүн 2024 оны ээлжит сонгуулиар баруун бүсэд нэр дэвшиж өрсөлдөхдөө “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэх асуудалд холбогдож, одоогоор яллагдагчаар татагдан хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаад хилийн хориг тавьсан. Тэгвэл хэдэн УИХ-ын гишүүнд хилийн хориг тавиад байгаа талаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс тодруулахад "УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, П.Сайнзориг, Э.Болормаа нараас өөр гишүүнд хилийн хориг тавиагүй, хориг үргэлжлэх хугацааг мэдэхгүй байна" гэсэн хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн Э.Болормаагийн шалгагдаж байгаа хэрэг сонгуулийн дараахнаас эхэлж, хоёр дахь жил рүүгээ орж байна. Харин УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэг хоёрдугаар сарын эхэнд бүртгэгдсэн байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын чуулганы аравдугаар сарын 17-ний өдрийн тогтоолыг хэлэлцэн, Үндсэн хуулийг зөрчсөн гэх санал дүгнэлт гаргасан юм. Тус асуудалтай холбогдуулж Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байна.
Сонирхолтой нь хилийн хориг тавиулаад байгаа гурван гишүүн Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах акц хийсэн гишүүд байгаа юм.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн